Суралцахад хэзээ ч оройтдоггүй: Малала Юсуфзайн ээж уншиж, бичиж сурлаа.
Бичсэн: Жоди Кантор     2014.08.20

Охин нь охидын боловсролын төлөөх дэлхийн хэмжээний тэмцэгч болсноос хойш нэлээн хэдэн жилийн дараа Малала Юсуфзайн ээж Тоор Пикай Юсуфзай уншиж, бичиж, мөн англиар бага зэрэг ярьж сурчээ.
 “Миний ээж суралцахыг, мөн боловсрол эзэмшихийг хүсдэг. Ээж минь долоо хоногийн 5 өдөр хичээлд явж, гэрийн даалгавраа надтай хамт хийдэг” гэж залуу уншигчдад зориулсан Малала номынхоо хэвлэлийн хурал дээр Малала охин хэлжээ. 17 настай Малала охин охидын боловсролын төлөө тууштай тэмцэгч бөгөөд үүнийхээ төлөө Талибуудад буудуулсан юм.

Юсуфзай охин охидын боловсролын төлөө тэмцэгч, аав  Зиауддин Юсуфзай нь Пакистаны охидын сургуулийн захирал  байсан боловч түүний ээж бичиг үсэг мэддэггүй хэвээрээ л байсан юм.
Хатагтай Юсуфзай саяхнаас уншиж, бичиж сурч байгаа нь, мөн түүний нөхөр гэрийн ажилд туслалцах болсон нь Пакистан болон дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг энэхүү гэр бүлийн хувьд ч гэсэн шинэ алхам юм.
“Ээж минь одоо Англи хэл сурч, бие даан  ганцаараа эмнэлэг, дэлгүүр явах болсон. Харин  миний аав гал тогооны хүн болсон. Аав өндөг шарах зэрэг ойр зуурын ажил хийдэг боловч ширээгээр дүүрэн аяга таваг, сав суулга өрж тэдгээр нь масло, жимсний чанамал болсон байдаг юм. Гэхдээ аав сайн хийж сурч байгаа” хэмээн Малала охин хэлжээ.
“Эдгээр нь бидний хувьд маш чухал л даа. Яагаад гэвэл ихэнх оронд гал тогооны ажлыг эмэгтэй хүний ажил, харин гадуур ажил хөөцөлдөх, мөнгө олох, гэр бүлээ авч явах нь эрчүүдийн ажил гэж үздэг. Иймээс манай гэр бүл ямар ч нөхцөл байдлыг өөрчилж болдог гэдгийг дэлхий нийтэд харуулж байгаа билээ.” хэмээн охин нэмж хэллээ.
Малала ээжийгээ урьсан бөгөөд охин нь дэлхийн алдартай нэгэн болж, олон мянган хүний өмнө илтгэл тавьдаг болсон хэдий ч ээж нь олны анхааралд өртөхөөсөө эмээдэг байна. Хатагтай Юсуфзай гивлүүр нь  толгойг нь далдалсан эсэхийг шалгаад хэлний шинэ чадварынхаа тухай болон өөрийнх нь амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар цөөн хэдэн үгийг англиар  хэллээ.
Малала охин улс төрчид, дуучид, жүжигчид, бизнесийнхэн гээд дэлхийн лидерүүдтэй уулзсан бөгөөд  АНУ-ын Ерөнхийлөгч Обама түүнийг хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалтыг нь та timestalks.com сайтаар орж үзээрэй. Уулзалтын үеэр Малала охин ахлах сургуулийнхаа дүнгээс эхлээд коллежд суралцах талаараа ярилцсанаас гадна АНУ-ын дроны дайныг шүүмжилжээ.


Орчуулсан: Дүгэрхүүгийн Гэрэлмаа /Залуучуудын Боловсрол Хөгжлийн Төв/

                                             https://www.facebook.com/educationdevelopmentcenterforyouth/