НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛТ

МАЛАЛА ОХИНЫ ТУХАЙ

Пакистан охидын боловсролын төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцсэнийхээ төлөө хичээлээ тарж явахдаа талибуудад буудуулж, толгойдоо шархдаж байсан Малала Юсуфзай охин 2014 оны 12 сарын 10-ны өдөр 17-хон насандаа нобелийн энх тайвны шагнал хүртэж нобелийн хамгийн залуу шагналтан болжээ.

Малала охин Оросын нэрт сэтгүүлч Анна Политковская агсаны нэрэмжит хүний эрхийн шагнал, Европын холбооны хүний эрхийн дээд шагнал болох Сахаровын шагналаар тус тус шагнуулжээ. Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Европын холбоо 1988 оноос хойш  хүний эрх, эрх чөлөө, ардчилал, нийгмийн цөөнхийн төлөө тууштай тэмцэгч нарт олгож ирсэн бөгөөд энэхүү хүндтэй шагналыг нобелийн энхтайвны шагналтанууд болох Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Мандела, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч хатагтай Аун Сан Су Чи, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан  нар хүртэж байжээ. Time сэтгүүлээс Малала охиныг 2013, 2014, 2015 оны дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан бөгөөд залуучуудын энхтайвны шагнал, Канадын хүндэт иргэн зэрэг олон шагналаар тэрээр шагнуулжээ.

Их Британийн Бирмингем хотод амьдарч байгаа тэрээр хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцож байнаОхидод аюулгүй орчинд, чанартай боловсрол олгох зорилгоор Малала сангаа 2013 онд байгуулсан. Охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх түүний хичээл зүтгэлийг дэлхийн нэр хүндтэй улс төрчид, жүжигчид, дуучид ихээр дэмжиж байгаа бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, Селена Гомес, Анжелина Жоли нар дэмжихээ илэрхийлжээ.

Пакистан охидын боловсролын төлөө тууштай тэмцэж өөрийн гайхам үйлдлээрээ дэлхийн олон сая охидод урам зориг, итгэл найдвар өгөхийн сацуу дэлхийн олон улс оронд суралцах эрхээ эдэлж чадахгүй байгаа охидод өөрийн сангаараа дамжуулж суралцах боломжийг олгож буй Малала охиноор бахархахгүй байхын аргагүй юм.Малала охины амьдралын бодит түүхийг өгүүлсэн хүүхэд, залуучуудад зориулсан Малала ном албан ёсны зөвшөөрөлтэйгээр монгол хэлнээ хэвлэгдэх болсоныг дуулгахад таатай байна. Монголын ирээдүй болсон оюутан, сурагчид энэ номыг төрөлх хэлнээ уншиж өөрийн амьдралдаа нэгэн шинэ өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.